Узбекистан улсыг технологиор дайлахуй

Узбекистан улсыг технологиор дайлахуй

Төв Азид нуугдсан дараагийн сувд гэгдэж буй Узбекистан улсыг бид технологийн компанийн нүдээр нээн харж бүрэн мэдрэхийн тулд Ташкент хотноо амьдарч, улмаар уг туршлага дээрээс үндэслэн энэхүү нийтлэлийг бичсэн болно. Та бүхэн таалан соёрхоно уу.


Орчин үеийн Узбекистан

2022 онд Узбекистан улсын эдийн засаг 5.8% өссөн нь Төв Азийн орнуудаас хамгийн өндөр нь болж байв. Энэхүү ахиц дэвшил нь олон улсын хараанд өртөж улмаар 2023 оны тавдугаар сард Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) 32 дахь удаагийн уулзалт, бизнесийн форумыг Самарканд хотноо зохион байгуулагдсан. Жилд нэг удаа болдог уг үйл ажиллагаа нь Төв Азид хамгийн сүүлд 12 жилийн өмнө буюу 2010 онд Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдаж байв.

💡
Узбекистан улсын нийт эдийн засгийг Монгол улсынхтай харьцуулахад 4 дахин том бөгөөд ДНБ 2023 онд 76.2 тэрбум ам.долларт хүрсэн бол Монгол улсынх 17 тэрбум ам.долларт байна.

Нэмж дурдахад, Узбекистан улсын эдийн засаг олон төрөлтэй байдгаас үйлчилгээний салбар (48.5%), хөдөө аж ахуй(17%). Монголын эдийн засаг уул уурхайгаас (90%) ихээхэн хамааралтай.

Уг уулзалтад Монгол улсаас Хаан банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Голомт банкны Гүйцэтгэх захирал Като Норихико, Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима, Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Ө.Ганзориг, “Дижитал Концепт” компанийн захирал Б.Гантиг нар панелистаар оролцож Монгол Улсын бизнесийн орчин, хөрөнгө оруулах боломж, ногоон санхүүжилт, дижитал шилжилт, хөрөнгийн зах зээл, хөдөө аж ахуй зэрэг олон сэдвээр хэлэлцсэн байна.

Үүнээс гадна Ташкент болон Самарканд хотуудад бүсийн болон олон улсын хэмжээний томоохон экспо, форум тогтмол зохиогдох болсон бөгөөд үүнээс дурдвал Хөдөө аж ахуй, Барилга, Аялал жуулчлал, Хувцас үйлдвэрлэл, Хөвөн торгоны, Уул уурхай чиглэлд ангилагдаж зарим нь жил бүр тогтмол зохиогддог уламжлалтай болсон байна. Улмаар Узбекистан улсад чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтын урсгал салбарт тус бүрд тогтмол нэмэгдэж, тодруулбал технологийн чиглэлд ч потенциал бий гэдгийг ЕСБХБ тус улсын цахим дэд бүтцийг хөгжүүлэхээр дижитал яамтай нягт хамтран ажиллахыг мэдэгдсэнээс анзаарч болохоор байна. Узбекууд олон зуун жилийн өмнөөс торгоны замын гол судлууд дээр оршин амьдарч, тус улсын эртний түүхтэй хотууд нь өрнө дорныг холбосон худалдаа, шинжлэх ухаан, соёлын төв байсаар иржээ.

Өдгөө 36 сая хүнтэй хүний амын тоо жилд 500 мянгаар нэмэгддэг, 20 сая ажиллах хүчтэй, дундаж нас 29.3 байх ба ердөө 7-хoн жилийн өмнө чөлөөт эдийн засгийн системд шилжсэн байна. Энгийн жишээгээр iphone утас барьдаг хүн 2 жилийн өмнө огт харагддаггүй байсан бол өдгөө маш олныг гудамжнаас харж болно. Манай улс ийм л хурдан өөрчлөгдөж байна хэмээн Ташкент хотын иргэд хэлэх нь олонтоо.

ДИЖИТАЛ УЛС

Узбекистан улсын дижитал хөгжлийн хэмждэг үзүүлэлтүүдээр хөрш Казахстан улсаас дутуу ч эрчимтэй хэрэгжиж буй улс төрийн чиглэсэн бодлого болон энэ улсын нөөц нь тус улсыг амжилттай цахимжиж чадна гэдгийг батлан харуулах мэт.

Урт хугацаанд чанга гараар удирдаж байсан өмнөх ерөнхийлөгчөөс хойш шинээр төр болон эдийн засгийн реформ хийгдэж, гадаадын олон хөрөнгө оруулагч нарын анхааралд Узбекистан улс орох болжээ. Энэ тухай хэд хэдэн жишээ дурдвал:

1. АНУ-н Plug and Play хөтөлбөр нь тус улсын IT park болон арилжааны банктай хамтарснаар татварын таатай орчинд, хөрөнгө оруулалтын нээлттэй боломжоор, туршлагатай гадаадын менторуудын зөвлөгөөгөөр гарааны компаниуд зөв замналаар хөгжих боломжтой болов.
2. Узбекистан улсын ерөнхийлөгчийн санаачилсан "1 сая IT инженер" хөтөлбөр амжилттай хэрэгжиж их сургуулиуд болон сургалтын төвүүд тодорхой дэмжлэгтэйгээр ажиллах болсон. Ингэснээр хүний нөөцийн тогтвортой урсгалын хангах бөгөөд жил бүр 24 мянган салбарын мэргэжилтнүүд төрөн гарч байна.
3. Дэлхийн хамгийн алдартай стартапын арга хэмжээ болох San Francisco, TechCrunch Disrupt 2023-д "The New Outsourcing Hub" гэсэн уриа дор Узбекийн стартапууд болон тус улсын IT park парк нэгдэж оролцов.

IT park-н тухайд гэвэл улс даяар 14 салбар оффистой. Уг кластерд одоогоор 1,500 гаруй компани, 22,000 мэргэжилтнүүд ажиллаж буй бөгөөд уг системд орсноор хоорондоо хамтын ажиллагааны холбоос үүсгэхээс гадна татварын хөнгөлөлттэй орчин бизнесээ эрхлэн явуулах боломжтой болох юм. Мөн уг системийг тойрсон Aloqa Ventures, UzVC, UzAngels, SemurgVC, UZcard ventures гэх зэрэг 10 орчим идэвхтэй хөрөнгө оруулалтын сангууд ажиллаж буй бөгөөд сүүлийн 2 жилийн турш нийт 6.2 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг стартап компаниудад бий болгосон байна. Энэ хүмүүсийн стратегийн гол зорилт бол  2028 гэхэд seed, pre-seed шатны хөрөнгө оруулалтын хэмжээг 100 сая ам.долларт хүргэж мөн анхны тэрбум ам.долларын үнэлгээ бүхий “Ганц эвэрт” компани Узбекистанаас бий болгох явдал юм. Эдгээр зүйлс гадаадын бизнес эрхлэгчдэд ч мөн хамаатай бөгөөд тус улсад ирсэн entrepreneur-үүдэд чиглэж IT park-н зүгээс  компани байгуулах, банкны данс нээлгэх зэрэг бичиг баримттай холбоотой бүх үйлчилгээгээр хангана. Мөн Узбекистан улсад ажиллах эрхийн болон хөрөнгө оруулалтын тусгай визээр хангах боломжтой болохоос гадна аж төрөх, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байр сууц, оффис болон сургууль цэцэрлэгийн үйлчилгээ ч мөн багтсан байна.


МОНГОЛЧУУД ТӨВ АЗИД

Fibo Cloud компани 2022 оноос хойш Төв Азийн бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн оны VII сард анх Астана хотноо Google for startups буюу Silkway Acceleration-д Монгол улсаас сонгогдон 3 сарын турш ажиллаж амьдарсан бөгөөд уг хөтөлбөрт Төв Азийн нийт 15 компани оролцож байв. Энэ талаар дэлгэрэнгүй унших бол Unread.Today нийтлэлийг уншина уу.

Энэ хугацаанд хөтөлбөрийн шилдэг 3 стартапын нэгээр шалгарч Казахстан улсын ерөнхийлөгч Ж.К.Токаевт өөрсдийн төсөл болон компанийг танилцуулах завшаан тохиолдсон билээ.

Мөн энэ хугацаанд Казахстан улсын харилцаа холбоо, шилэн кабел, дэд бүтцийн салбарт дэд байранд бичигдэх Транстелеком компанид технологийн шийдэл нэвтрүүлэх гэрээг үзэглэж улмаар 2023 оны 7 сараас бидний бүтээгдэхүүн тус улсын зах зээлд амжилттай нээгдсэн. Тус хамтралын талаар Forbes KZ сэтгүүл дээр гарсан нийтлэлээс мөн унших боломжтой.

Үүний дараа ч бидний Төв Азийн зах зээлд тэлэлт хийх оролдлого үргэлжилсээр буй бөгөөд зах зээлээ илүү таньж мэдэхийн тулд оршин сууж, нийт 14 олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиогоод байна.

Мөн бид Plug and Play Uzbekistan хурдасгуур хөтөлбөрт оролцож буй бөгөөд Узбекистаны тэргүүлэх зэрэглэлийн харилцаа холбооны Uztelecom компанид дата төвийн виртуалчлалын программ хангамжийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Улмаар 2024 оны эхний хагаст багтаан олон нийтийн клауд үйлчилгээг хамтран бий болгохоор ажиллаж байгаа ба 2023 оны байдлаар тус улсын нийт дата төв, серверийн зах зээл $500 саяар хэмжигдэж байгаа юм. Уг компани нь харилцаа холбоо, үүрэн телефоны зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг ба 10 сая гаруй харилцагчтай, 20,000 ажилтантай тус улсын эдийн засгийн нөлөө бүхий байгууллагуудын нэг билээ.

ЦААШДЫН БОЛОМЖУУД

💡
Төв Азид 60 сая орчим хүн амьдардаг бөгөөд дийлэнх нь буюу 85% нь Узбекистан, Казахстанд оршин суудаг.

Тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах хугацаанд үзэж харсан зах зээлийн боломжууд болон тус улсад бизнес эрхэлдэг залуучуудын энгийн ярианаас хувийн дүгнэлт хийхэд:

  • Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой тодорхой тоо олдохгүй байгаа хэдий ч салбарт бүрд ажилладаг хүмүүс ам дэмжин ярих нь олон байна. Үүнд барилгын салбарыг мөн онцолж ярих нь зүйтэй.
  • Улсаасаа дүрвэж гарах, гадаад улсад ажиллаж амьдрах хүсэлтэй залуус тийм ч олон биш харин эсрэгээрээ улсдаа ирж ажиллах, одоо л бидний цаг ирэх гэж байна хэмээх эерэг хүсэлтэй залуу боловсон хүчнүүд олон тааралдана.
  • Технологи суурьтайгаас Fintech, Ecommerce болон сервер дэд бүтцийн салбарт боломжууд түлхүү байна гэж харж буй бөгөөд хүн амын тоо, өсөж буй эдийн засаг болон жилээс жилд нэмэгдэж буй худалдан авах чадамжуудыг анзаарвал эдгээр салбарууд илүү ирээдүйтэй байх хандлагатай байна.
  • Төв Азийн улсуудын хамтралууд сүүлийн үед идэвхтэй анзаарагдах болсон нь томоохон үсрэлтийн эхлэл мэт. Яг одоогийн байдлаар аль ч салбарт үнэмлэхүй том монопол тоглогч гарч ирээгүй байгаа хэдий ч хэдхэн жилийн дараа зах зээлийн эрэмбэ өөрчлөгдөж, жинхэнэ асуудал шийдэж байгаа тоглогч нар энэ хурдацтай хөгжиж буй зах зээлд томоохон байр суурь эзлэх биз ээ.