Фибо Клаудын Төв Азийн тэлэлт үргэлжилсээр 🚀
2024 оны 12-р сарын 4-ний өдөр Фибо Глобал ХХК-ийн Гүйцэтгэх захирал П. Пүрэвбазар Казахстаны Үндэсний Мэдээллийн Технологийн Компани (NITEC)-ийн урилгаар тус компанид зочиллоо. Уулзалтад П. Пүрэвбазар болон NITEC-ийн Төслийн удирдлагын хэлтсийн захирал Нургүл Искакова, Мэдээллийн системийн удирдлагын хэлтсийн захирал Ардабек Залгараев, мөн платформ удирдлагын газрын захирал Самат Имбаев нар оролцсон байна.
Уулзалтын үеэр 2025 онд Казахстаны үндсэн болон нөөц төвүүдийн виртуалчлалын төслүүд дээр хамтран ажиллах боломжууд болон цаашдын хамтын ажиллагааны нөхцөлийг хэлэлцэв.
Фибо Глобал ХХК-ийн Гүйцэтгэх захирал П. Пүрэвбазар уулзалтын дараа хэлэхдээ: “e-Government” индексийн үзүүлэлтээр Казахстан улс дэлхийд 24-р байранд, Монгол Улс 46-р байранд жагсдаг. Казахстан улс цахим засаглал, цахим гарын үсэг, гарааны бизнесийг дэмжих экосистем зэрэг дижитал шилжилтийн суурь болсон дэд бүтцийн хөгжлөөр тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь төрийн мэдээллийн технологийн дэд бүтцийг амжилттай бүрдүүлж, хөгжүүлж буй NITEC-тэй шууд холбоотой юм.
Казахстаны төрийн өмчит хамгийн том дата төвийн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцсон нь Монгол Улсын мэдээллийн технологийн компаниудын олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нотлох чухал алхам боллоо. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын мэдээллийн технологийн салбарын харилцааг шинэ түвшинд гаргаж, Монгол инженерүүдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадвар дээр суурилсан технологийг олон улсын зах зээлд таниулах дараагийн том боломжийг нээж байна.